Зургаан чинад (чанад) хүрэхүйн сургаал ба багш, шавийн ёс


Монголын уламжлалт шашин гүн ухааны бүх номлол нь "Зургаан барамид" буюу "Зургаан чинад (чанад) хүрэхүй"-д зангилагддаг. Үүнийг задлан дэлгэрүүлсэн нь олон боть ном болдог. "Зургаан чинад (чанад) хүрэхүй"-г товчлон тайлбарлаж бичсэнээ энд тавив. Үүнээс зөв монгол хүүхэд төлөвшүүлэхэд тус болох зүйлээ аваарай

МУ-ын гавьяат багш, доктор, профессор Ш.Чоймаа 

Зургаан чинад (чанад) хүрэхүйн сургаал ба багш, шавийн ёс 

Монголчууд эрт цагаас эрдэм ухааныг эрхэмлэн дээдэлж “эд хураахаар эрдэм хураа” гэсэн гол зарчимтай байлаа. Эрдмийг дээдлэх, эрдэм мэдлэгийг сурч эзэмшихэд боломжийг өгөгч гол хоёр хүчин болсон “багш”, “ном” хоёрыг шүтдэг учиртай. Тус шимийг нь хүртэхдээ, уг юмаа хүндэлж дээдэлдэг нь монгол ёс болно. Хэдийгээр багш, ном, шавь гурав бүрдсэн боловч, зургаан чанад хүрэхүйн ёсыг багш, шавь хоёул эс баримталбаас төгс мэдлэг, төгс гэгээрлийг олж чадахгүй. Өөрөөр хэлбэл, заасан, заалгасан нь мэдлэг, улмаар чадвар дадал болж, үр дүнгээ өгч эс чадна. Зургаан чанад хүрэхүйн сургаал буюу өглөг, шагшаабад, тэсвэр (хүлцэнгүй), хичээнгүй, дияан (бясалгал), билиг нь чухам юу байхыг уншиж мэдье. Өглөг хэмээх нь туслан тэтгэх сэтгэлээр хариу ач тусыг өчүүхэн ч бодолгүй өгч байгаа юм буюу тусалж буй үйл үйлдлийг хэлнэ. Ийм өглөгийн зүйл нь номын өглөг, аюулгүйн өглөг, эдийн өглөг, сэтгэлийн өглөг зэрэг буй. Номын өглөг нь бие, хэл, сэтгэлийн алжаалыг үл хайхран, аливаа эрдэм ном заахыг хэлнэ. Сурагчийн тухайд бол сургууль, багш надад сургах заах ёстой гэсэн сэтгэлээр бус, би өөрөө хичээн сурч мэдэх үүрэгтэй хэмээн ухаарч, ангийн нөхдөдөө, доод ангийн сурагч нартаа сурч мэдсэнээ хэлж өгөхдөө өчүүхэн ч татгалзахгүй байхыг хэлнэ.
 Аюулгүйн өглөг нь дайн тулаан, хулгай дээрэм, үер ус, салхи шуурга, гал хөсийн аюул зэргээс өөрийн амиа үл хайрлан аврал үзүүлэхийг хэлдэг. Эдийн өглөг нь ядарч зүдэрсэн хүмүүс, хоол идэшгүй хөлбөрч буй амьтан зэрэгт хоол унд, эд юм өгч, орон гэр хийж өгөх тэргүүтэн юм. Өгөхдөө хайрлан энэрэх сэтгэлээр, чинүнэнээр өгч, хариу тус хэрэг өчүүхэн ч бодохгүй байх нь чухал. Гуйлгачин хүнд юм шидэж өгөх нь монгол ёс уламжлалд огт нийцэхгүй зүйл болохыг анхаараарай. Багш, шавь хоёрын тухайд бол сурах мэдэхийн төлөөнөө бүх зүйлээ зориулах хэрэгтэй. Сэтгэлийн өглөг нь бусдыг баян ядуу, хөгшин залуу гэж ялгалгүй сэтгэлийн дэм өгч, энэрэн нигүүлсэхийг хэлнэ. Багш, шавийн тухайд бол сургах, сурахад чин сэтгэлээс хандах явдал юм.

Шагшаабад нь даган сахих ёстой бие, хэл, сэтгэлийн үйл үйлдлийн хэв журам, дэг ёсыг хэлнэ. Гол нь зөв журам, зөв ёсыг ягштал мөрдөн баримтлахыг заана. Өөрөөр хэлбэл, зан суртахууны зөв хүмүүжил юм. Багш шавь хоёрын тухайд бол сургалтын хөтөлбөр, сургуулийн дотоод журмыг дагаж, сургах, сурахад харшлах аливаа зүйлийг цээрлэх явдал юм.

  Тэсвэр (хүлцэнгүй) нь зөв үйл үйлдэл, эрдэм номын төлөө, бусдад тус хүргэхийн төлөө үл шантрах сэтгэлээр бэрхшээлээс үл халшран, хатуужин зорихыг хэлнэ. Багш, шавийн тухайд бол сургах, сурах үйл хэрэгт тэсвэр тэвчээртэй байж, их бага бэрхшээлээс шантрахгүй зүтгэж чадвал сая эрдэм боловсролыг олох болно. Тэсвэр, хүлцэл гэдэг бол сурч мэдэхэд ч, ажил үйл хийхэд ч, хүмүүс хоорондын харьцаанд ч бүр эрхэмлэх зүйл мөн. Жишээлбэл, бусад хүн хичнээн уур хүргэвч уурлахгүй өнгөрөхөд тэсвэр хүлцэл л хэрэгтэй билээ.

Хичээнгүй хэмээх нь зөв үйл хэрэг, эрдэм ном зэрэгт хоёргүй сэтгэлээр шамдаж, тухайн тэр үйлдээ дуршин зүтгэж, өчүүхэн ч алдаа дутагдал гаргахгүй байхыг хэлнэ. Багш шавь хоёрын тухайд энэ шинж чанар нэн эрхэм бөгөөд хичээнгүй байж чадвал, сургах сурах үйл амжилттай болж чадна.

Дияан буюу бясалгал нь эрдэм мэдлэг, сурсан зүйлээ нэгэн үзүүрт сэтгэлээр дахин давтан бясалгаж, жинхэнэ бодитой чадвар болгох үйл явцыг хэлнэ. Энэ нь шавь хүнд тун чухал бөгөөд сурсан мэдсэн зүйлээ эргэцүүлэн тунгааж, мэдлэг чадвар болгох явц бол бясалгал юм.

Билиг хэмээх нь юмс, үзэгдлийн нийтлэг болон өвөрмөц шинж болон уг мөн чанарыг ухаанаараа сайтар ойлгож, сэжиглэх эргэлзэх зүйлгүй болсон дээд мэдэл юм. Номын өглөгийг хүргэж, суралцах ёс журмыг сахиж, тэсвэр тэвчээртэй, хичээнгүй байж, сурсан мэдсэнээ бясалгасны үр дүнд билиг хэмээх дээд мэдлийг олоход дөхөж олох учиртай ажээ.

ХҮҮХЭД БҮРТ ХЭВШҮҮЛЬЕ