Хүүхдийн хөгжлийн тухай яриа 1


БШУЯ-ны сайдын бодлогын зөвлөх багийн гишүүн, Цахим сургалтын үндэсний төвийн захирал, ШУТИС-ийн тэргүүлэх профессор, доктор, дэд профессор,  Х.Тамир

Танаас хүүхдийн хөгжлийн талаар мөн БШУЯ-ны Зөв монгол хүүхэд төлөвшүүлэх бодлогын талаар асууж ярилцах гэсэн юм. 

БШУЯ-ны Бодлогын зөвлөх баг дотор “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн зөвлөх дэд баг ажиллаж байгаа Энэ багийн Ахлагчаар МУ-ын гавьяат багш, доктор, профессор Ш.Чоймаа багш маань ажиллаж байгаа. Эндээс нэгдсэн нэг бодлогын баримт бичиг гарах байх. Тэр талаар Ш.Чоймаа багш болон тэдний багийн гишүүд тодорхой мэдээлэл өгч та бид хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Харин би хүүхдийн хөгжлийн талаарх хувийн үзэл бодлоо та нартаа хуваалцаж болох уу. 

 • Тэгэлгүй яах вэ. Хүүхдийн хөгжил юунаас эхлэх вэ? 

Монголчууд эрүүл бие, саруул ухаан оршино гэж ярьдаг даа. Тэгээд эрүүл биетэй, саруул ухаантай хүүхэд, зөв ёс суртахуунтай бол хөгжих суурь нь тэр юм.
Хоёулаа хүүхдийн хөгжлийн тухай яриагаа эхлээд хүүхдийг эрүүл бие бялдартай өгсөж хүн болгох тухай ярианаас эхлэх үү. Монголчуудад хүүхдийн бие махбодыг эрүүл чийрэг өгсөж байсан уламжлал бий. Жишээ хэлэхэд хүүхдийг багаас нь чийрэг байлгах гэж хатуу арьс, ширмэл ширдэг дээр унтуулж, хүүхдүүдээ өглөө эрт босгож сургаж, биеийг нь чангаруулж байж. Одооных шиг хөвөн гудас, өдөн хөнжилд унтуулж байсангүй. 

Танхи хүн амьдрах чадвар муутай, зовлон даахгүй ч гэж ярьдаг. Энэ нь ч үнэн юм шиг байна. Танхи байх тусам хүний бие бялдрын хөгжил мууддаг. Би саяхан хотын нэг сургууль дээр хүн хүлээх зуур хүүхдүүдийг ажиглаж зогсоход “эмэгтэйлэг эрэгтэй хүүхэд” олон болжээ. Солонгост байгаа ч юм шиг санагдав. Энэ хүний яс чанар, цаашилбал улс үндэстний аюулгүй байдалтай ч холбоотой юм. Бас хөдөлмөрийг дээдлэх хэрэгтэй л дээ. Хөдөлмөр хийдэг хүүхэд байхгүй болжээ. 

 • Нээрээ ч тийм шүү сайхан Монгол эр хүн ч ховор болох янзтай байна. Энэ хөдөлмөртэй холбоотой юу. 

Үнэн, эрүүл байхыг үндэс нь хөдөлгөөн яах аргагүй мөн. Гэвч хөдөлгөөн нь зөвхөн биеийн тамир биш юм. “Хөдөлмөр” гэж юмыг эцэг эхээс эхлээд төр засаг хүртэл яримаар байна. Манай эцэг эх, өвөө эмээ хүүхдийг балчир наснаас нь гар хөлийн үзүүрт хөдөлгөн, юм дөхүүлэх, ойртуулах зэрэг хүч чадалд нь тохирсон ажил хийлгэж ажлын талаар ойлголт өгч “Ажил хийвэл дуустал, Давс хийвэл уустал” гэж сургаж ажлыг дуустал хийлгэж ажлын төгсгөлийг үзэх, 
тууштай, хөдөлмөрч хүн болгохыг эрмэлздэг байж. Бид одоо тэгж байна уу. Хичээлээ хий гээд хөдөлмөрөөс хөндийрүүлж байна уу даа. 

Хөдөлмөр хийлгэх нь хүүхдийг хөдөлгөөнтэй байлгах, бие бялдрыг хөгжүүлэх төдий биш шүү дээ. Хөдөлмөр хийхэд арга туршлага хэрэгтэй. Арга туршлага үе дамждаг, уламжлагддаг байдал бүр өнгөрч байх шиг байна. 



  • Манай томчууд хүүхдэд цаг гаргаж арга ухаан зааж өгөх тал дээр хойрго байна. Нэг их ажил гэсэн улс.

Арга ихтэй хүн амьдралын туршлагатай гэж ярьдаг. Аргыг нь олохгүй хүнийг “аргаа барсан амьтан...” гэж ёжлох үе байдаг. Дорно дахины нэгэн цэцэн үг байдаг даа: “Өлссөн хүнд загас бүү өг, энэ бол нэг өдрийн хоол болно, харин ийм хүнд загас барих аргыг заагаад өг, тэгвэл тэр насан туршийн хоолтой болно” гэсэн байдаг. Эндээс өвөг дээдэс маань хүүхдийг хөдөлмөр хийх, арга ухаантай ихтэй хүн болгохыг нэн чухалд үздэг байж. 
Бидний ярьдагаар competence буюу чадамж юм даа. Бид энгийн зүйлсээсээ холдож хэт онолжиж хийсвэр болж байна аа. Бид өөрсдөө ч арга ухаантай томчууд байж чадахгүй байна. Арга туршлагаа зааж хэлж өгөх биш хүүхдийг тэг, ингэ, энэ тэр болохгүй гэж мухар шаардлага тавьж ундууцдаг. Бид хүүхдэд хандах хандлага аа өөрчлөх хэрэгтэй л дээ. Хүүхдэд буруу өгөөд яахав бидний шууд тусгал, бас бүтээл шүү дээ. 

 • Хөдөлмөр хийхгүй бол амтыг нь мэдрэхгүй дээ. 

Бид хүүхдээ бага байхад нь бэлэнчлэх сэтгэлгээтэй болгочихвол том болоод хүний гар хардаг, бэлэн юманд дуртай, хүнд хүчир зүйлд дургүй, ажлын амрыг боддог хүн болох болно. Энэ нь үр хүүхдээ бага насанд нь хүнд хүчир ажил хийлгэх хэрэгтэй гэсэн үг биш ээ, харин ажлын арга ухаанд сургаж, хөдөлмөрийн амтыг мэдүүлэх хэрэгтэй юм. 
Арга зам нь их энгийн юм. Хөдөлмөрийн хүмүүжил нь хүүхэд ахуй наснаас эхлэн төлөвшдөг. Эцэг эх хүүхэдтэйгээ харьцах нь эцэстээ хүмүүжил олгох үйл явц юм. “Хүүхэд зарим нэг үйлдлийг эзэмшиж эхэлснээр зарим үйлдлээ томчуудтай хамтарч гүйцэтгэх боломжтой болдог. Энэ үед нь буруу хийсэн ажилд нь зэмлэл хүртээж, зодож, загнахгүйгээр учрыг нь сайн ойлгуулж тайлбарлах, хөдөлмөрийн сайхныг мэдрүүлэхийн тулд хөдөлмөрийн ач тусыг бодитойгоор үзүүлж өгдөг байх нь эцэг эх бидний үүрэг. Тэр үүргээ бид мартаж болохгүй л дээ

Тухайлбал, 1-2 настай хүүхдийг эх нь тоглоом хураах үйлдэлд сургахдаа үйлдлийнхээ утга, дарааллыг тайлбарлаж, гол ажлыг нь өөрөө хийж байсан бол 2-3 насны хүүхэд тоглоомоо өөрөө хурааж чаддаг болсон байдаг. Ямар нэг үйлдлийг бие дааж хийж чаддаг болохын хэрээр хүүхэд урамшиж, томчуулаас туслалцаа авах нь багасаж эхэлдэг. 

“Айл гэрийн эзэгтэй хүн охин хүүхдээ бага балчраас нь эмэгтэй хүний ажил үйлсэд сургаж, сайн эмэгтэйн шинжийг багаас нь бүрдүүлдэг байсан ба харин айл гэрийн тэргүүн нь хүүдээ “эр хүн” ямар байх ёстойг сургаж, сайн эр хүний шинжийг багаас нь зааж сургаж ирсэн сайхан уламжлал Монголчууд бидэнд бий. 

Эцэс нь эрүүл бие, саруул ухааныг бий болгох нэг арга зам хөдөлмөр болохыг мартаж болохгүй. 


 Ярилцсан Ану