Л.Болдбаатар академич санамж явуулжээ.


Ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн залгамж холбоо (Санамж)

Ерөнхий боловсролын сургууль ба их, дээд сургуульд үйл ажиллагаа болон агуулгын маш нарийн залгамж холбоо шаардлагатай. Хэвтээ залгамж холбоог чухалчилдаг одоогийн тогтолцоог өөрчлөхөд цоо шинэ бодлого чиглэл, хэлбэр агуулга, нэр нэршил, хөтөлбөр төлөвлөгөө, дотоод, гадаад орчин, зохион байгуулалт, менежмент, өөрчлөлт хийх итгэл үнэмшил, зорилго хүсэлтэй хүний нөөц гээд олон зүйлийг хөндөх хэрэгтэй болно. 

Ялангуяа, шилжилт хийхийн өмнөх ангиуд болох Y,IX,XII ангиуд бас цэцэрлэгээс сургуульд ороход онцгой анхаарууштай зарим нэг асуудал оршсоор байна. Дээр дурдсан цэцэрлэг, бага, дунд, ахлах ангийн хоорондын залгамж холбооны талаар манай баг тун бага судалсан ч зарим зүйлийг хэлж болох юм.
Үүнд: 
 - Цэцэрлэгээс сургуульд ороход хүүхэд үсэг нүдлэн, уншдаг байх шаардлагагүй, уншиж сураад сургуульд орсон хүүхэд бусад хүүхдүүдийг эн зэрэгцэж очтол сурах сонирхол нь хэдийнээ буурч, зарим хүүхэд цаашид хичээн суралцах эрмэлзлэлгүй болдогыг онцгой анхаарах, 
 - 5 дугаар ангиас 6 дугаар ангид ороход нэг багш зааж байснаа 10 гаруй багш олон хичээл орохоор самгардаж, учраа олохгүй зарм хүүхдийн сурах сонирхол нь эрх буурдаг байдлаас гарах арга замыг эрэлхийлэх, 
 - Ахлах ангид аль болох эзэмшихийг хүссэн мэргэжилд нь суурь болох хичээлүүдийг сонгон илүү сайн хичээллүүлсэн байх, Бид ерөнхий боловсролын сургууль ба их, дээд сургуулийн залгамж холбоог голлон ярьж байгаа тул арай дэлгэрүүлэн дараах хэдэн зүйлийг хэлж болох юм. Их, дээд сургуульд элсэгчдийг ямар мэргэжил сонгохоос шалтгаалан, 
 - Нийслэл, Дархан, Эрдэнэт хот, аймгийн төвүүдэд их, дээд сургуулийн харъяаны лицей – ахлах сургуулийг байгуулж, мэргэжлийн суурь хичээлүүдийг сонгон, гүнзгийрүүлэн хичээллүүлэх,
- Хөдөө сумдын ахлах сургуулиудад тэрхүү лицей-ахлах сургуулийн хөтөлбөрийг нэвтрүүлэн, сонирхсон мэргэжлийн суурь хичээлийг гүнзгийрүүлэн зааж болох юм. Хичээлийн хэлбэр нь их, дээд сургуулийн лекц унших, бичих тэмдэглэх, утгачлан ойлгох, семинар, ярилцлага хийх зэрэг дүгнэх нь кредит үнэлгээний систем, оноо цуглуулах явдал юм. Үүнийг амжилттай хэрэгжүүлж чадвал төгсөлтийн шалгалт авдагийг болиулж болно.
Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын стандарт, хөтөлбөрт энэ асуудлыг хэдийгээр бүр нарийвчлан тусгаж заасан байдаг боловч, сүүлийн үед их, дээд сургуульд элсэгчдийн их зонхи нь мэдлэг, ёс суртахуун дэндүү дорой ирж байгаа учраас дээр дурдсантай уялдуулан их, дээд сургуульд элсэх хамгийн наад захын шаардлагыг тодорхойлж, ЕБС-ийн багш нарт дараах шаардлагуудыг санамж болгож байна. 

I. Ерөнхий шаардлага 

- Хүүхдийнхээ хүсэл сонирхол, авьяас чадварыг эцэг, эхчүүд бага, дунд ангиас нь дэмжиж, хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж зөвлөлдөн, мэргэжлийн чиг баримжааг тогтоож хүч нөөц боломжийг нь зөв тооцон, тодорхой зорилго тэмүүлэлтэй болгох,
- Суралцагч нь их, дээд сургуульд элсэн орохын өмнөхөн л мэргэжлийг сонгох тухай ярих бус, харин ахлах сургуульд элсэхдээ сонголтоо хэдийнээ хийчихсэн, тухайн сонгосон мэргэжлийнхээ суурь хичээлийг идэвхтэй судалсан байх,
- Их, дээд сургуулийн хөтөлбөрийн залгамж холбоог хангах, тухайлбал лицей-ахлах сургууль болон сонгон суралцах сургалтын хөтөлбөр нь их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөртэй агуулга, аргазүйн хувьд нягт уялдаа холбоотой байх,
- Их, дээд сургуульд ЕБС-ийн стандарт үнэлгээний хэлбэрээс үнэлгээний өөр хэлбэр болох кредит үнэлгээнд шилждэг учир лицей-ахлах сургууль болон сонгон суралцах явцын үнэлгээг кредит системээр явуулах /Лицей-ахлах сургуульд анги удирдсан багшийн үүрэг, хариуцлага их тул энэ үед нь суралцагчдад сайн зөвлөн тусалж, кредит үнэлгээнд дасгах, сургах/
- Багш, шавийн шүтэн барилдахуйг дээдэлж, багшийг шүтэх ёсыг эрхэмлэдэг хүмүүжил төлөвшсөн байх,
- Их, дээд сургуулийн оюутан болох нь хэдийгээр эцэг, эхийн хайр халамжинд байгаа ч харьцангуй бие даасан амьдралд хөл тавьж буйг ухамсарлуулах,
- Мэндлэх, талархах, ах захаа хүндлэх зэрэг ёс зүй, зан харилцааны наад захын харилцааг төлөвшүүлэх,
- Их, дээд сургуульд лекц сонсох, бичиж тэмдэглэж авах, товч тэмдэглэл, зураглал хийх зохих хэмжээний бэлтгэлтэй болгох,
- Ном, зохиол уншаад зөвхөн цээжлэх гэж оролдох биш, гол утгыг хураангуйлан хэлж чаддаг, тухайлж хэлбэл өөрийгөө илэрхийлэх дадалтай болсон байх,
- Өргөдөл, баримт зэрэг албан бичиг төлөвлөх, бичих наад захын чадвар суулгах,
- Цаг мөч, хором бүрийн үнэ цэнийг ухааруулж, залхуурлын шагнал ядуурал гэдгийг гүнээ ухамсарлуулах,
- Өдөр бүр мэдээлэл авах боломж, арга замыг мэддэг, телевизийн мэдээ тогтмол үздэг, мэдээллээ боловсруулан ашиглах зуршилтай болгох,
- Бичгийн дүрмийн болон найруулга зүйн алдаа гаргахыг (эр, эм эгшиг, түүний дагавар, хатуу зөөлний тэмдэг хэрэглэх, догол мөр гаргалгүй үргэлжлүүлэн бичих, олон тооны нөхцөл буруу хэрэглэх, үг буруу сонгох г.м) аль болохоор багасгах,

II. Тусгай шаардлага

А. Нийгэм-хүмүүнлэгийн чиглэлээр их, дээд сургуульд элсэгчдэд:
- Оршин буй нийгэм, ардчиллыг иргэдийн эрх, үүргийн нэгдэл хэмээн сайн ойлгуулсан байх,
- Түүхийн сургамжийг гүн мэдэрч, түүнээс ухаарал хөглөх сэтгэлгээ суулгах,
- Монгол бол хүн төрөлхтөний өлгий нутаг гэдгийг баримтаар нотлон ойлгуулж, манай орны хаана, хаана түүх, соёлын ямар томоохон дурсгал буйг мэдүүлэх,
- Чингис хаан бол монгол туургатны үндэсний бахархал гэдгийг гүнзгий ухамсарлуулж, тэр цагийн дэлхийг хөтлөн дагуулсан хурдыг эдүгээ цагт оюун ухаанаараа сэргээх хүсэл, эрмэлзлэл төрүүлэх,
- Дэлхийн болон үндэсний сонгодог утга зохиол, урлагийн талаар суурь мэдлэг олгосон байх,

Б. Байгалийн ухааны чиглэлээр их, дээд сургуульд элсэгчдэд:

- Байгаль, нийгмийн харилцааны харилцан шүтэлцэл, эдүгээгийн зорьж хүмүүнлэг, ардчилсан нийгмийн тухай наад захын ойлголттой болгох,
- Байгалийн жам ёсны үзэгдлийн тухай эгэл мэдлэг, биотехнологи, генийн инженерчлэл зэрэг шинжлэх ухааны хамгийн орчин үеийн ерөнхий ойлголттой болгох,
- Байгаль орчноо хамгаалах монгол өв уламжлал, экологийн хүмүүжил төлөвшүүлэх,
- Байгалийн ухаан, инженерийн мэргэжлээр нь хамгийн энгийн ойлголт, ухагдахуун, зүй тогтлыг ухварлуулах, - Тоо, физик, ялангуяа инженерийн ангид суралцахыг хүсэгчдийг бүтээж хийх сонирхолтой, сониуч зан, сэдэн олох сэтгэлгээг хөгжүүлэх,